Tuesday, October 30, 2012

Мэдээлэл


2012 онд соронзон туйлууд солигдох уу?

2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дэлхий сүйрэх талаар олон янзын яриа байдаг. Тухайлбал эл өдөр манай гарагийн соронзон орны хүч гэнэт суларч, улмаар өмнөд, хойд туйлууд байрлалаа өөрчилнө гэсэн таамаглал буй.
үүний улмаас дэлхий нарны цацраг идэвхт туяанаас хамгаалагдахаа болихоос гадна хиймэл дагуулууд сансрын тойргоосоо гарч, GPS буюу байрлал тогтоох систем эвдэрч, улмаар дэлхий дээрх бүх харилцаа холбооны сүлжээ ажиллахаа болино гэсэн таамаглал бий. Харин одоо санаа зовох зүйлгүй. Учир нь шинжлэх ухаан үүнийг үгүйсгэж байна. Магадгүй энэ таамаглал хэзээ нэгэн цагт биелж болох ч ойрын ирээдүйд тохиохгүй нь. Соронзон орон болоод соронзон туйлтай холбоотой эдгээр үзэгдлүүд дараагийн мянганд л тохиож болох аж.
Соронзон туйлууд солигдох үзэгдэл нь газрын гадарга доогуур чөлөөтэй урсаж байдаг төмрийн хайлмалтай холбоотой. Уг хайлмалын сул байдал чөлөөт электронуудыг нэгэн төвлөрсөн хөдөлгөөнд оруулдаг. Цэнэгтэй хэсгүүдийн хөдөлгөөн хүчтэй соронзон хоёр туйл үүсгэдэг. Хэдийгээр соронзон туйлууд тогтвортой ч түүхийн явцад буюу сүүлийн хэдэн сая жилд хэд хэдэн удаа соронзон чанар нь алдагдаж, заримдаа бүх байрлалаа сольж байж. Гэвч үүнийг нотлох хангалттай баримт одоогоор байхгүй. Хамгийн сүүлд соронзон туйлууд 780 мянган жилийн өмнө солигдсон бөгөөд Цэрдийн галавын үед хамгийн удаан буюу 40 сая жилийн турш тогтвортой байсан аж. Одоогийн байдлаар дэлхийн соронзон туйлууд хэдэн сая жилийн дунджаас илүү хүчтэй байгаа гэж үздэг.

No comments:

Post a Comment